2025 оны 12-р сарын 10-ны өдөр Төрийн ордонд “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол боллоо.
Уг сонсголд УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай гэрчээр дуудагдан оролцож, Оюу толгойн гэрээ анх хэрхэн хийгдсэн, түүний цаана ямар асуудлууд нуугдаж байсан талаар хурц, тодорхой байр суурийг илэрхийлсэн юм.
Олон улстөрчид техникийн асуудал ярьж байсан бол тэрээр олон нийтийн дунд олон жилийн турш эргэлзээ төрүүлж байсан шударга бус гэрээ болон түүнийг үзэглэсэн албан тушаалтнуудын хариуцлагын талаар “гашуун үнэн”-ийг дэлгэлээ.
Түүний хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж, цахим орчинд өргөн тархсан тул бид түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь болон дүрс бичлэгийн хамт хүргэж байна.
Л.Гүндалайн хэлсэн үг: Бүрэн эхээрээ
Л.Гүндалай: “Гэрчээр урьсан явдалд баярлалаа.
Энэ Оюу толгойн гэрээ гэдэг чинь Айванхоу Майнз, Рио Тинтогоор олон жил дамжсан, Монголыг дарлах гэсэн оролдлого. Өөрсдөө дээд зэргийн ашиг авч, биднийг басамжилж доромжилсон маш том хулгай, луйвар гэдгийг хэлмээр байна.
Эд нар үнэхээр цагийг ашиглаж отож байсан. Хэн хэнийг, ямар төрийн тэргүүн тэд нарыг нь өөрсдийнхөө талд оруулах уу гэдгээ эртнээс мэдэж, тэгээд энэ гэрээг яавал хамгийн будилантай, яаж л бол яаж л хувиргаж болох, эргэлзээтэй, тийм юмыг зориуд монголчуудаар баталгаажуулсан. Энэ гэрээг хэн ч өөрчлөөгүй. Хэдэн их хурлын гишүүнээр байнгын хороо гаргасан. Өөр юм байхгүй.
Яг үнэндээ энэ зууны луйврыг гардан хийсэн нөхдүүд өөрсдөө энд сууж байгаа. Хамгийн гол нэг нөхөр нь энэ С.Баярцогт сууж байна. Гэрээг голлон хариуцаж байсан, Сангийн сайд байсан нөхөр.
Тухайн үед Оюу толгойн гэрээг батлуулсантай холбоотой гадаадын хөрөнгийн биржид зогсчихсон, миний бодлоор Нью-Йоркод билүү, бүүр хонхыг нь цохьчихсон зогсож байсан шүү дээ. ‘Insider trading’ хийгээд, дотоод мэдээллээ ашиглаад хэдэн сая доллар, 25 сая доллар Швейцарьт оффшор дансанд нуучихсан байгаад илэрсэн. Өөрөө 1 сая доллар гэж ярьдаг. 25 сая доллар хожчихсон. Тэгээд энд ичихгүй, ‘Би Монголын төрд гавьяа байгуулсан, 20 мянган хувьсагчтай’ гээд суучихсан. Тийм юм байхгүй.
Энэ Оюу толгойн гэрээ бол хулгай, луйврын, мафийн аргаар хийсэн ажил. Маш олон хууль зөрчсөн. Бүх нотлох баримт нь байгаа.”
Гол санаанууд
Тэрээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө дараах гурван чухал асуудлыг онцоллоо:
- “Зууны луйвар”: Оюу толгойн гэрээг зүгээр нэг алдаатай бизнес биш, харин Монгол Улсыг басамжилж, доромжилсон, мафийн аргаар хийгдсэн “зууны луйвар” гэж тодорхойлов.
- Зохион байгуулалттай төөрөгдөл: Гаднын хөрөнгө оруулагчид цаг үеэ отож, өөрт ашигтай хүмүүсийг талдаа оруулж, гэрээг зориудаар эргэлзээтэй, будилантай байдлаар боловсруулсан гэж үзэж байна.
- Хариуцлага ба С.Баярцогт: Сангийн сайд асан С.Баярцогтыг уг гэрээг голлон хариуцсан хүн болохыг сануулж, “insider trading” буюу дотоод мэдээллээ ашиглан оффшор дансанд мөнгө байршуулсан асуудлыг хурцаар шүүмжиллээ. Тэрээр “20 мянган хувьсагчтай загвар” гэх тайлбарыг эрс үгүйсгэв.
Сонсголын бүтнээр нь сонсох (MNB)
Хэрэв та сонсголын үйл явцыг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл Л.Гүндалайн гэрчийн мэдүүлэг 2:41:30 цагаас эхэлж байна.

Leave a comment