Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Ард түмний эчнээ танил, “тэмцэгч” улстөрч Л.Гүндалай ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг бут цохихоор “гол тоглогч” болон өрсөлдөнө

Нийтэлсэн:

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулсан. УИХ-ын IV-р тойрогт “Ард түмний хүчээр МАН, АН-ыг бут цохино” хэмээн итгэл үнэмшилтэйгээр “гол тоглогч” болон орж ирсэн “Ард түмний хүч” намын дарга Л.Гүндалайтай ярилцлаа. “Миний 24 жилийн улс төрийн туршлага, боловсрол, судалсан уншсан мэдлэг, улс орноо хөгжүүлэх сэтгэл зүрх намайг энэ удаагийн сонгуульд өрсөлдөх хүч болсон. Би хувийн эрх ашгаа бодвол нам байгуулж, томсгосон тойрогт сонгуульд өрсөлдөх шаардлагагүй. Харамсалтай нь улс орны эдийн засгийн дорой байдал, хурдацтай явагдаж буй ядуурлыг монгол хүний хувьд зүгээр хараад сууж чадсангүй. Тиймээс энэ удаагийн сонгуульд “Ард түмний хүч” намаас нэр дэвшинэ” хэмээн ярих түүний ярилцлагыг уншигч танд хүргэж байна. 

-Сайн байна уу. Та иргэдийн эчнээ танил болсон улстөрч хүн. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх үедээ олон асуудлыг нийтэд ил болгож, иргэдийн дуу хоолой болсон “тэмцэгч” улс төрч байсан. Хэсэг хугацаанд улс төрөөс завсарлага аваад буцаж ирж байна. Энэ хугацаанд иргэдийн амьдрал ахуй, үзэл бодол хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Би 2000-2012 хүн ард түмний итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр ажилласан. Энэ хугацаанд нийгэмд тулгамдаж буй олон асуудалд дуу хоолойгоо өргөж, иргэдтэйгээ хамт тэмцэж ирсэн. Миний амьдрал бол бүхэлдээ “тэмцэл”. Орхон аймгийн иргэдэд Баян-Өндөр хайрханы бэлд газар олгох боломжтой гэж олон хүмүүстэй хамтарч тэмцэл хүртэл хийж байлаа. Тиймээс өөрийн төрсөн нутаг Хөвсгөл аймгаа түшиглэн УИХ-ын сонгуулийн IV тойрогт нэр дэвшиж, халз өрсөлдөнө гэсэн бодолтойгоор улс төрд эргэн ирж байна. Энэ хугацаанд иргэдийн амьдрал их ядуурсан байна. Эрх баригч нам төрийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, шуналтайгаар мөнгө иджээ. Тэгээд иргэдэд “Улс орон сайхан хөгжиж байна, иргэдийн амьдралын чанар дээшилсэн” гэж итгүүлж байна шүү дээ. Энэ бохир улс төрийг таслан зогсоох цаг нь болжээ.

-Эрх баригч нам энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосон. Энэ магадгүй эрх баригч нам эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд зохиосон тоглоомын дүрэм байх. Үүн дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-Уг нь бол ийм том тойрог хийгээд, дэвшигчдийг өрсөлдүүлж буй нь эрх баригч намын арга ядсан хууль шүү дээ. Намын олон гишүүнтэй, сүүлийн хэдэн жил төрийн эрхийг атгаж, мөнгөтэй болсон нам өөрсдөдөө тааруулж тоглоомын дүрмээ зохиож байна. Ард түмэн ч үүнийг харж байгаа. Тиймээс энэ удаагийн сонгууль мөнгөний сонгууль болох магадлалтай. Ийм том тойрогт мөнгө багатай хүмүүс иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө бүрэн танилцуулж ч амжихгүй. Тэгэхээр жижиг намуудад халтай, том намын хулгайч луйварчдад ашигтай тийм л сонгуулийн прогноз харагдаж байна.

-Та улс төрийн бохир системийг халж, улс орноо хулгай луйвраас ангид байлгана гэж хэллээ. Гэтэл хэвлэл мэдээллээр “Зайсан толгойг тойрсон Л.Гүндалайн хууль бус эдлэн газар, барилга” зэрэг хэд хэдэн нийтлэл гарсан шүү дээ. Үүн дээр та тодорхой тайлбар хийгээгүй нь иргэдийн дунд эргэлзээ үүсгэсэн асуудал хэвээр байна?

-Намайг гүтгэх асуудал олдохгүй болохоор тийм худлаа нийтлэл удаа дараа гарсан. Зайсанг тойрсон Л.Гүндалайн барилга, эдлэн газар гэж байхгүй шүү дээ. Энэ бол зохиомол гүтгэлэг, яриа. Миний зүгээс хууль зөрчсөн үйлдэл, хууль бус эдлэн газар байвал баримттай, видео бичлэгтэй тавих хэрэгтэй. Энэ гүтгэлэг энгийн жишээ. Цаашлаад намайг “Элий балай, эргүү тэнэг” гэж ярьдаг. Би галзуу солиотой, элий балай ямар үйлдэл хийсэн бэ? байхгүй шүү дээ. Надад бусад гишүүд шиг “Хөгжлийн банк, ЖДҮ” зэрэг орооцолдсон асуудал байхгүй учраас миний хувь хүн рүү чиглэсэн хар гүтгэлэг л хийж байгаа нь энэ. Гэтэл очоод үзвэл Зайсанг тойрсон МАН-ын олигархуудын эдлэн газар, барилга байшин, орон сууц байдаг. Гүтгээд байгаа Л.Гүндалайн нэг ч газар нэг ч барилга байхгүй ээ.

-Тойрогтоо өрсөлдөж буй эсрэг намын нэр дэвшигчдээ судалсан уу. Ялах бүрэн итгэлтэй байна уу?

– Өнгөрсөн УИХ-ын сонгуульд энэ тойргоос МАН-ын зургаан гишүүн сонгогдож, ажилласан. Эрдэнэтээс-1, Булганаас-2, Хөвсгөлөөс-3 гишүүн. Эдгээр зургаан хүний нэр хүнд, улс төрийн карьер их унасан. Иргэд итгэхээ больсон. Тиймээс магадгүй томсгосон тойргийн сонгууль хийж байгаа байх. Эрх баригч нам сүүлийн найман жилийнхээ ажлын тайлангаа иргэдээр дүгнүүлнэ. Гэтэл хийсэн ажил байхгүй. Иргэдэд хэлэх үггүй байна шүү дээ. Арга ядахдаа гурван шатны шүүхээр ял авсан алуурчдыг айлын хойморт залж, ард түмний баатар мэтээр улс төр хийж байна шүү дээ. Энэ мэтээр ард түмнийг үл тоож, тохуурхаж байгаа эрх баригч намаас нэр дэвшиж буй аль ч гишүүнтэй цэвэр өрсөлдөж, ялах бүрэн итгэлтэй байна.

-Миний бодлоор Орхон аймаг сонгогчийн боловсрол бусад аймгуудаас өндөр юм шиг санагддаг. Нам биш хүнийг нь харж сонгодог юм шиг ээ.

-Тэгэлгүй яах вэ. Манай Орхон аймаг бусад аймгийн бодвол харьцангуй хотын соёлтой иргэдтэй. Мөн оросын соёл, үзэл баримтлалаар хөгжсөн хот шүү дээ. Олон газраас ирж суурьшан ард иргэдтэй учраас жалга довын үзэл байхгүй. Тиймээс өөрсдийн гэсэн үзэл бодлоор сонголтоо хийдэг гэж боддог. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хамтдаа хүчээ нэгтгэж “Ард түмний хүч”-ээр МАНАН бүлэглэлийг таслан зогсооцгооё.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Leave a comment