Л.Гүндалай: Ард түмэн хүчтэй, ард түмний хүчээр МАНАН бүлэглэлийг БУТ ЦОХИНО

Сэтгүүлч Б. Ганчимэг: Түүний тухай

Нийтэлсэн:

Л. Гүндалай… Тэр монголын улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн шигээ бидний сэтгэлд ч өөрийн гэсэн орон зайг нэг их асууж ёсорхолгүй эзэлж авсан санагддаг. Бас ч гэж гашуун үгтэй сэтгүүлчийн хувьд байн байн түүнтэй “үзэлцмээр” санагдан асч ирэвч тэгэсхийгээд л санаа сэтгэл цагаан цайлган тайвширлаар солигдож орхихыг олонтаа анзаарч өөрийгөө гайхдаг байлаа, Тэр өөрөө гайхалтай цайлган сэтгэлтэй хүн болохоор тэгдэг юм болов уу. Ямар ч байсан муугаар бодох гээд ч болж өгдөггүй юм аа.

Хүмүүс, аа Гүндалайг мэднэ гэж хэлэхтэй олон таарч байсан. Өөрөө ч түүнтэй чамгүй хэдэн жил ажил хэргийн шугамаар уулзаж, ярьж хөөрч, элдвийн үйл явдлын дунд үзэл бодлыг нь сурвалжилж, санаа сэтгэлийнх нь хөдөлгөөнийг ажиглаж явсан хүний хувьд түүнийг гадарладаг л гэж боддог байлаа. Гэхдээ би түүнийг огт мэддэггүй байснаа ойлгож ахиад л гайхлаа. Эрхэм гишүүн өөрийнхөө туулсан амьдрал замналын талаар ямар ч гоёл

чимэггүй энгүүн сайхан хүүрнэсэн эл номыг залууст зориулан гаргаж байгаа юм байна. Магадгүй хамгийн эхэлж уншсан сэтгүүлч би байх. Өөрийнхөө багагүй гадарладаг хэмээн бодож явсан энэ хүнийг би яг одоо таны эргүүлж суугаа энэхүү номноос ахиад л шинээр нээж, ахиад л догдлон татагдаж, нөлөөнд нь хэдэн өдрөөр автаж, элдвийг бодож явлаа. Социализмын үеийн хүүхэд болохоор бүр ч сэтгэлд дотно, илүү танил, өгүүлж буй зүйлс нь тэр чигээрээ нүдэнд үзэгдэж сэтгэл догдлон уншиж дуусгав. Ерөөс энэ ертөнцөд хүмүүний сэтгэлийн утсыг юу илүү хөндөж, юу хүн төрөлхтний дунд шедевр болон үлддэг вэ. Үнэн юм л гэж би хариулна. Түүний номноос хөдөөх тосгоны, тэр дундаа холын хол тайгад олон хүүхэдтэй айлын энгийн нэг орчинд өсч хүмүүжээд, өөрийн чадлаар гадаад ертөнцөд боловсрол эзэмшиж, амьдралаа зохиож, харийн гүрэнд бизнесээ босгож, дараа нь эх орондоо ирээд санаанд оромгүй шударга бус зүйлстэй нүүр тулан бачимдаж, өөрийн эрхгүй тэр хөгийн тогтолцоо руу нэвтэрч тэмцэхээр шийдэн бие дааж нэр дэвшээд Парламентад хөл тавиад ороод ирсэн азтай, хоншоортой аавын хүүгийн халуу оргисон үнэн түүх ханхална. Гүндалай биднээс нуух юмгүй ил хүн гэдгийг ахиад л түүний түүх нотоллоо.

Үнэндээ айхыг мэддэггүй Гүндалайг гайхаж явдаг байлаа. Нуухыг мэддэггүй болохоор тэр айхыг мэддэггүй юм шиг. Өнөөдөр айх юмтай, нуух юмтай хачин хүмүүс төрийн толгойд шившсэн болохоор айх юмгүй, нуух юмгүй хүн содон харагдаад байх шиг.

Гүндалай манай ваакуумжсан, багтай улс төрийн хүрээлэлд ядаж нүдний шил зүүж худлаа сэхээтэн царайлалгүй дан цамцтайгаа ороод ирсэн. Халуун сэтгэлээр эхлээд итгэсэн, нөхөрлөсөн, эндсэн, гайхширсан, цочирдсон, орхисон…

Магадгүй зарим хүн насаараа бодоод ч сугаран гарч чадахгүй нөхцөл байдлаас шуудхан, шулуухан, өө ингэхгүй ээ нөхөд өө, та нар миний бодож байсан шиг хүмүүс биш байна, би өөрийнхөөрөө явлаа гээд хаалга хаан гарч алхах амаргүй эрсдэлтэй замыг ахиад л ганцаараа сонгон цоо шинэ шан татсан нь зөвхөн тэрний л хийх алхам байсан. Тэр хэзээнээс гагцхүү өөртөө л итгэдэг, өмнөө тулгарсан асуудлыг өөрөө л шийддэг биеэ даасан хэрсүү хүүхэд байжээ. Бүр эхнээсээ л тэр амиа хичээсэн нялцгай онц сурлагатан байсангүй. Миний мэдэхийн уг нь ихэнх нь л тийм байдаг даа. Бээрсэн ялаа шиг бээцийсэн, муу санаатай, нөхөр ч үгүй, дайсан ч үгүй, тоо л бодоод тонгойгоод явдаг онц сурлагатан очкитой банди нар мөн ч олныг үзсэн. Гүндалай тэдний нэг биш байсан нь надад лав аймаар таалагдсан. Тэр үеийн охидууд түүнд ёстой унадаг байсан байх аа. Бүх юмаар өв тэгш сондгойрсон хэтэрхий авъяаслаг энэ жаалхүү онц сурлагатан хэдий ч ядруухан нэгнийг өмгөөлөн цусаа гартал жанчилдчихдаг шаггүй поогоонч, яггүй ардчилсан нэгэн байсан нь намтраас Нь харагдана. Гоё байгаа биз. Эр хүн эхнээсээ л ийм тодорхой явах нь гоё. Гэр бүл гэдэг аминчхан ойлголтын талаар Гүндалайн номноос надад лав гүн гүнзгий мэдрэмж төрсөн. Тэр ах дүү амраг садандаа хичнээн халуун ханддаг нь юм юмнаас мэдрэгдэнэ. Бараг барьсан талхных нь хамар цоргимоор үнэр шиг тод мэдрэгдсэн. Хар багаасаа өмөөрч, энд тэндээ нааж өсгөсөн дүүгийнхээ талаар хэлсэн хоолой зангирмаар үгсээс нь уншигч авхай та үүнийг надаас илүү мэдэрнэ. Шинэ цагийн дээрэмчидтэй хэрхэн нүүр тулж, нүцгэн гараараа зэлцэхээр шийдээд найдах юмгүй ганцаараа тэдэн рүү алхан очиход машиныг нь тойроод гэр бүлийнхэн нь зогсож байсан гэхийг уншаад нулимс өөрийн эрхгүй урссан. Амьдрал ийм л амттай. Тэрнээс өөр хэн ч тэдэнтэй ийм хэлээр ярихгүй дээ. Тийм л болохоор тэд түүнийг ялж чадаагүй.

Бүх юманд үнэнч, халуун сэтгэлээр ханддаг энэ хүний олсон амжилт хамгийн энгийн, хамгийн жижиг зүйлсээс эхэлжээ. Хайр дурлал, амьдрал тэмцэл, алдаа оноо бүх зүйл дээр тэр гагцхүү үнэн байсан учраас амжилтад хүрчээ. Тийм ч учраас Гүндалай ахынх нь ишлэх дуртай үг “Амжилт бол хамгийн эротик зүйл” гэдэг үг юм.

Сэтгэлээс гадуур нэг ч юм тэгэхээр байж болохгүй аж. Хэрэв тэгж л чадахгүй юм бол энэ номыг эргүүлж суугаа эрхэм дүү чи ч гэсэн байдаг л нэг худалч, магадгүй хулгайч нарын нэг болж мэднэ. Тэгэхээр Гүндалай ахаасаа эрэлхэг, үнэнч, халуу оргисон шударга чанарыг нь, нугарч хугарч, эргэж буцдаггүй эрс занг нь, хайрлах сэтгэлийн томыг, хамгийн гол нь эрдэм мэдлэгийн төлөө эхний бүх цаг хугацаагаа зориулсан түүхийг нь заавал аваарай.

Leave a comment