Хувь заяаны зөрөг намайг нэгэн сонин содон хүнтэй Төрийн ордны дөрвөн давхрын шатны дэргэд зөрөн өнгөрөх зуур уулзуулав. Түүнийг монгол хүн бүхэн мэднэ. Харин тэр залуу буурал намайг танихгүй билээ. Үнэн шударга үгтэй, үйлс ариун таныг хүндэтгэн явдаг хүмүүсийн нэг, сэтгүүлч С.Жамбалдорж гэж өөрийгөө танилцуулах тэрхэн агшинд зогсон мэндлээд:
Би танд номоо үзүүлье гэж шууд хэлдэг байгаа. Би өөрийгөө ийм хувь тавилантай “тэмээ” юм даа гэж амандаа бувтнасаар харьж билээ. Уншаад үзсэн чинь дажгүй, сайн ном байна. Уншсан хүнд ухаан тэлж, урам зориг нэмэх ном байна.
Улсын Их Хуралд Дарьгангын яруу найрагч О. Дашбалбар суугаад улс эх орон, газар шорооныхоо төлөө цусгүй дайнд мордон олон “маанаг”-тай нэгэн зэрэг үзэлцэн, үнэн шударга үгээ хэлж, амьсгаагаа хураатлаа тэмцсэн түүх бий.
Одоогийн Их Хурлын танхимд ар тайгын хүү Ламжавын Гүндалайг харсан хүн, түүний үнэн үгийг сонссон бүхэн “Дашбалбар маань амьд сэрүүн байна. Эх орон, эрх чөлөөний төлөө тэмцэл үргэлжилж байна” гэж сэтгэл тэнүүн, магнай тэнийн бахархан бодож байна. Гүндалай минь чиний номыг уншаад төрсөн сэтгэгдлээ бас нэг мохошгүй эх оронч, эрх чөлөөний дуу хоолой болсон Р.Чойномын шүлгийн мөрөөр илэрхийлье. Энэ шүлэгт чиний амьдрал багтсан мэт санагднам.
Гандан бууршгүй амьдралын
Гал улаан цэцгэн дээр
Гаслант шорон гяндангийн
Гав гинж цоожин дээр
Настан буурал аавын
Мөнгөн буурал тэргүүн дээр
Насан бага үрийн чинь
Хөнгөн мишээх зүүдэн дээр
Эрх чөлөө чамайг
“Эзэнт их” төрийн
Сүлд нь болгон залъя.

Leave a comment