ТӨРИЙН ЯАМААР ЗОЧЛОХУЙД буландаа бид эрүүл мэндийн яамаар зочлон орж, ажил үйлс, амжилт бүтээлээс нь сурвалжлан бичих ёстой байтал дэндүү харамсалтай нь “дээдчүүл” ийм боломж олгосонгүй.
Бидний бардамнах ажил үйлсийн эзэн Эрүүл мэндийн сайд Л. Гүндалайг маань цагаас нь түрүүлээд хууль бусаар огцруулчихлаа. Тийм учир тус яамаар орох шаардлага бидний хувьд байсангүй. Очгцруулсан явдлыг эсэргүүцэж, “эзэн”-гүй яамаар орохоос энэ удаа түтгэлзэв. Үнэхээр харамсаж буйгаа илэрхийлье.
Сайн ажиллаж байна гэсэн хүмүүст үнэлэгдвэл уг нь дэмжигддэг, хүндлэгддэг, шагнуулдаг нь хүн төрөлхтөний л ёсон юм даа. Гэтэл ингэж үнэлэгдсээр байтал нь сайдын сэнтийгээс нь огцруулчихлаа.
Ард түмний үнэлгээ яавж андуу ташаа байдаггүй гэдэгт би итгэлтэй байдаг. Ингэх нь ард олны эсрэг л байр суурь, шийдвэр шиг санагдаад хүлээн авч, дасан зохицох боломжгүй байна.
Энэ явдал ихэнхэд нь “Ард түмний төлөө ажиллавал л огцордог юм байна” гэж ойлгоход хүргэлээ. Тун чиг харамсалтай. Харамссан нь сайдыг саалийн үнээнээс салгачихлаа гэсэндээ бус, харин хариуцлагаас мулталсанд байгаа юм.
Сайдын сэнтий гэдэг уг нь бол малын дулаан хэвтэш мэт таатай, хэн нэгэн хүний таргалах, алжаал ядаргаагаа тайлах, баяжих, бүр зарим нэгнийх нь аюулаас аврагдахаар буюу хариуцлагаас зайлсхийхсэндээ хоргодох байр биш билээ. Герман зэрэг “хуулийг дээдэлдэг” улс оронд энэ мэт албыг хаших хүн олддоггүй гэдэг юм.
Сайдыг “Засгийн газрын кабинетын зармаар ажилласангүй” гэж буруутгах гээд байх шиг байсан. Энэ зарчмаар ажиллагсад нь чухамдаа хүний төлөө юу хийж байгаа нь ер мэдэгдэхгүй, зовлонтой байх юм.
Тэгээд ч “Засгийн газрын кабинетын зарчим” гэгч яаж ч болдоггүй нандин зүйлээс нь ард олны эрх ашиг доогуур үзэгддэг байх нь ээ дээ.
Засгийн газрын кабинетын зарчим гэж чухам юу юм бэ?
“Кабинетын зарчмаар ажиллахгүй байна” гэсэн яриа байнга чих дэлсэх атлаа ард түмнийхээ төлөө ажиллахгүй банйа гэсэн үгс бараг дуулдахгүй юм. Хүний төлөө ажиллахгүй байна гэж хэн нэгэн огт зэмлэгдэн буруушаагдахгүй юм. Гэтэл нөгөө гайхал кабинетын зарчмаар ажилласангүй гэж л сайд нар “буруу хойшоо” болчих гээд байх боллоо.
Бас Байгаль орчны сайд И. Эрдэнэбаатарын хувийн эрх ашгийг хөндлөө гэж буруутгагдах шиг болсон.
Тэр хүний эрх ашиг Улаанбаатарчууд бидний эрх ашгаас лав дээгүүрт тооцогддог байх нь ээ. Аргагүй биз дээ. Төрийн сайдынх болохоор жирийн ардынхаас илүү байлгүй яах вэ дээ.
Бид түүнийхээс доогуур, муу хувь заяатайн эрхээр утаа, угаараар амьсгалснаас бий болох өвчин зовлонгоо угтан хүлээж, хэрхэн тарчлан зовохоо төсөөлөн бодохоос ч айж эмээн суухад хүрч байхад уг асуудлаар юм хийх байтугай санаа зовсон, тавьсан шинжгүй байгаа Байгаль орчны сайд хэний, юуны төлөө төсөл хэрэгжүүлэх нэрээр мөнгө хөрөнгө баран хэнэггүйхэн цохиж явааг хэлэхэд хэцүүхэн болоод байна. Энэ мэт гажуу, урвуу үзэгдэл зөвхөн манайд л бий болчихоод байгаа юм даа.
Ард олон бидэнд бол бидний төлөө л ажиллах Засгийн газар, сайд нар хэрэгтэй. Түүнээс бус бидэнд “Засгийн газрын кабинетын зарчим” гэгч огтхон ч хамаагүй, хэрэггүй. Бидний төлөө хэн нь хэрхэн ажиллаж байгааг л харж суудаг юм шүү дээ.
Шударга ёс үгүй болоход, хүмүүсийн амьдралыг үнэ цэнтэй болгох юу ч үлдэхгүй гэж эрхэм Кант манайхны одоогийн нүүр царайг урьдчилан харах мэт харуусан хэлжээ. Дэндүү шударга бус олон арван явдал нүдэн дээр минь л болж өнгөрөх юм даа.
“Хэнээр ч удирдуулдаггүй, эсвэл олон хүн эрх барьдаг… тийм улс оронд битгий амьдар” гэж нэгэн ухаантан сургасан нь одоо цагт илүү тохирох мэт санагдана. Эрхэм түшмэдүүдээ. Эх нутагтаа сайхан амьдрах боломжийг бидэнд хайрлаач дээ. Яруу найрагч Р. Чойном “Өөртөө дутууг өрөөлөөс би гуйнам” шүлэгтээ:
… “Алив надад эрх чөлөө гэгчийг
Арван мөнгөний дайтай ч гэсэн хайрла!
Үнэн гэгчийг гар дээр тавиач,
Үзээд, буцааж өгье л…
… Хэтэрхий уян хүн та
Хэдэн дусал нулимс хайрла
Завхай хүүхэн та
Зарим илүү шөнөөсөө хайрла…
Баян бөгөөд тэнэг хүнээс
Бас би юугаа гуйх вэ
Үгээгүй ядуу хүний өмнө харин малгайгаа тосъё
Үг хайрла гэж гуйсан шиг л юм болох гээд байна уу даа?
Улс төрийн салбарт ямар ч хөхцөлд хатуу баримтлах ёстой зарчим гэж хэрэв байдаг бол тэр нь ард түмнээсээ хэзээ ч бүү хөндийр хэмээх ганц л зарчим болно гэдгийг сайд маань сайн мэддэг бололтой.
Эрхэм сайдыг өндөр сэнтийгээсээ буухдаа ард түмнийхээ л дунд ирлээ гэж О. Магнай хэлсэн нь үнэн билээ. Та ард түмэнтэйгээ байхад алзах гэж ер үгүй ээ. Үүн шиг ээлтэй, зөөлөн орчин гэж ч ховор доо.
Энэ дашрамд хэлэхэд таныг Хөвсгөл далайдаа төөрөн эзгүй байсан мөчүүдэд мөн ч олон хүн үгүйлэн санааширч байсныг санаж байна.
Л. Гүндалай та эх орноо гэсэн сэтгэлтэй аавын хүүхдүүдийн нэг учраас л тэр байх. Юм хийж бүтээхийн төлөө хүсэл тэмүүлэлтэй болохоор чинь л тэгсэн биз дээ.
Та бас ард олныхоо дунд муу нэрийг бараг дуулаагүй яваа улс төрч. Шинэ соргог зүйлийг сэдэж санаачлах дуртайн хэвээр хэвшсэн нэг сэтгэлгээ, уйтгартай тогтонги байдалд дургүй бололтой.
Буурьтай хүнд олон байдаггүй. Маш олон шинэ зүйл бодож олдог хүн хэзээ ч буурьтай байдаггүй гэж нэгэн ухаантан өгүүлжээ. Тэгэхээр танаас олон санаа гаргуулахгүй, эсвэл буурьтай байлгах гэсэндээ ийм арга хэмжээ авав уу.
Гүйж яваа хүн л унадаг. Мөлхөж байгаа хүн унадаггүй гэдэг үгийг та хэлж сонсогдсон. Гүйх гээд үзсэн юм болов уу даа. Уначихлаа. Бусдын адилаар мөлхөх л ёстой байсан болж байна уу даа?
Анхнаасаа төгс биш зүйлийг аугаа суут ухаан ч залж засаж чадахгүй гэгчээр та ихэд хичээсэн боловч Эрүүл мэндийн салбарт он удаанаар бугшсан муу муухай бүхнийг яахин ганцаар арилгаж чадах билээ. Гэхдээ таны хийсэн зүйл ажилласан хугацаатай чинь харьцуулахад хангалттай.
-Бөөрний гемодиализийн төв байгуулан аппарат хэрэгслийг нь оруулж ирж ажиллуулсан, бөөрний дутагдалд орогсдыг эмчилж эдгэрүүлэн, амь насыг нь аварсан
-Эрхтэн шилжүүлж суулгах мэс заслыг мөн эх оронд минь таны үед л анх удаа хийсэн
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг мөн эх орондоо хийлгэх үндэс суурийг тавихаар эмч нар бэлтгэгдэж эхэлсэн
-Эмчилгээ – оношлогооны томхон төв байгуулах ажлыг Солонгос нөхөдтэй хамтарч хийхээр эхлүүлээд байгаа
-“Яаралтай тусламжийн төв” байгуулахаар Австричуудтай тохиролцон шаардлагатай эхний тоног төхөөрөмжүүд орж ирсэн
-Хаяггүй, ядуу хүмүүст зориулан эмнэлэг нээж ажиллуулах болсон
-ДОХ болон БЗӨ-тэй тэмцэх сурталчилгаа явуулж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан
-Зарим эмнэлгийн байгууллагуудад бугшсан бизнесийн сүлжээг ил гаргаж, удирдлагуудтай нь хариуцлага тооцсон
-Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг УИХ Засгийн газарт удаа дараа тавьсан
-Эмнэлгийн хувьчлалын асуудлыг таслан зогсоосон
-“Эрүүл монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэ эхэлсэн
-Эрүүл мэндийн нээлттэй өдөр бий болгосон
-Эрүүл мэндийн салбарт “инээмсэглэл” арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлэн болсон, энгэрийн тэмдгүүд үйлдвэрлэж байгаа
-Эрүүл мэндийн даатгалын хуульд хамгийн боломжтой хувилбараар өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан зэрэг…
Бүгдийг хэрхэн тоочин дурдаж барах билээ.
Хүмүүс бие биенийхээ тулд л амьд явдаг гэдэг.
Хүн байна гэдэг бол хариуцлагаа мэдрэхийн нэр. Чамаас болоогүй ядуурал, гуйланчлалын төлөөнөө ичихийн нэр. Өөрийн тоосгыг өрөхдөө өргөн орчлонг бүтээлцэж байгаагаа ухамсарлахын нэр гэдэг зарчмаар хэсэгхэн хугацаанд ч болов ажиллав уу даа.
Эх орноо хайрлах сэтгэлд их багын хэмжээ гэж үгүй. Түүний төлөө бүхнийг хийгээгүй бол юу ч хийгээгүй гэсэн үг. Буй бүхнээ түүнд зорриулаагүй бол түүнээс бүхнийг харамласан гэсэн үг гэж та бас үздэг бололтой. Энэ үгийг бодо та огцрохдоо жаахан харамсах шиг санагдсан. Бусдаараа эр хүн шиг байлаа.
Та нэг тогтсон дүрмээр бус, өөрийнхөөрөө л улс төр хийж явах шиг. Буруу нь юу ч байх вэ дээ. Эцсийн дүндээ түмэн олонд л тустай бол хийж чадах бүхнийг нь хийлгэж авах нь л хожно гэж үздэгээс бид таныг сэтгэл зүрхээрээ дэмжиж таны талд байнга байсан шүү.
“Бөөрний дутагдалд орох” гэдэг үг бидэнд танил болохдоо их айдас хүйдэс дагуулсан байлаа. Энэ аймшигт үг чихэнд сонсогдох бүртээ л нэг монгол хүний амийг аваал явчих шиг санагдахад яаж энэ үгийг цөөхөн сонсох вэ, болж өгвөл огт сонсохгүй байх юм сан гэж аргаа барж байсан цаг саяхан.
… Одоогоос ердөө 4 уилу гарйн өмнө. 2002 оны 9 дүгээр сард Шастины нэрэмжит нэгдсэн 3 дугаар эмнэлэгт бөөрний гемодиализийн төв нээгдэж, нээлтийн ажиллагаанд нь ХНБГУ-ын эмч Уве Шмидт, УИХ-ын гишүүн Л. Гүндалай, тэр үеийн эрүүл мэндийн сайд асан П. Нямдаваа нар зэрэгцэн зогсож байгаад тууз хайчилж байгаа тухай мэдээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэглсээр мэдээлэгдэж байсан.
УИХ-ын гишүүн Л. Гүндалай өөрөө хөөцөлдөж байж Герман найз нөхдийнхөө туслалцаа дэмжлэгтэйгээр ХБНГУ-ын бөөрний өвчин судлалын төвтэй холбоо тогтоож, хувиасаа удаа дараа зардал гарган байж, Монголд хиймэл бөөрний аппарат 6 ширхэгийг хандивлуулахаар болж, тэр үеийн эрүүл мэндийн сайдыг гуйх, тулгах хослуулан байж албан ёсны нээлтэд нь оролцуулсан бодит үнэн байдаг. Дараагийн сайд нь ч өмнөхөөсөө нэг их дээрдсэнгүй. Тэрээр олон хүний амийг аврах бөөрний аппаратыг ажиллуулахын тулд хуруугаа ч хөдөлгөөгүй юм. Харин ч эсрэгээрээ “Гүндалай бөөрний аппаратууд эвдэрхий” гэсэн үг хэвлэл, мэдээллийнхэнд чулуудаж, өөр шугамаар бөөрний аппарат оруулж ирэхээр хөөцөлдөж байлаа.
Анх 2002 онд олон хүний амийг аварна гэсэн сайхан сэтгэлээр оруулж ирсэн бөөрний аппаратууд нь тоосонд дарагдаад агуулахад хадгалагдаж буйг нь мэдсэн Л. Гүндалай аппаратуулаа буцаан авч, хувийн эмнэлгийн шугамаар ч хамаагүй ажиллуулахаар сэтгэл шулуудсан байв.
Түүний Эрүүл мэндийн сайдаар томилогдоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь Улсын клиникийн төв эмнэлэг буюу 1-р эмнэлэг дээр 2006 оны 4 дүгээр сард Бөөрний гемодиализийн төвийг байгуулсан явдал байлаа. Бөөрний гемодиализийн төв нь бөөрний дутагдалд орсон өвчтөнүүдиэд үйлчилж, нийт 15 бөөрний аппарат, 2 ус цэвэршүүлэх төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвд үйлчлүүлэгчдийн дундаж нас 35-37 байгаа бөгөөд бөөрний хурц дутагдалтай 13 хүнийг эмчлэн эдгээж, архаг дутагдалтай 13 хүнийг эмчилгээнд байнга оруулан амьдралыг нь уртасгаж байна.
Сайдын хийсэн томоохон далайцтай ажлууд үүгээр дуусахгүй ээ. Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийдэг болох талаар санаа тавьж, харилцаа холбоо тогтоосны дагуу оны эхээр хоёр монгол эмч энэхүү мэс засалд суралцахаар Финлянд улсыг зорих гэж байгаа. Улсын клиникийн төв эмнэлэгт гэхэд л Австричуудын тусламжаар “Яаралтай тусламжийн төв” байгуулах бэлтгэл ажлаа эхлээд эхний тоног төхөөрөмжүүд нь орж ирээд байна.
Мөн Үндэсний хэмжээний Эмчилгээ оношлогооны томоохон төвтэй болох талаар ч бас Солонгосчуудтай хамтран ажиллаж байна. Үүний зэрэгцээ хуучнаар Сэтгэц наркологийн төвийн байранд хаягийн бүртгэлгүй, ядуу иргэдэд үйлчилдэг эмнэлэг ажиллуулахаар төлөвлөж байгаа нь “Монгол хүн бүр эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй авах” боломжийг бүрдүүлэх гэсэн сайдын сэтгэл, зүтгэлийн илэрхийлэл билээ.
Л. Гүндалайн сайдын албыг хашсанаасаа хойш хийсэн нэгэн тод томруун, олонд танигдсан ажил нь ДОХ-БЗХӨ-тэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хийсэн сурталчилгаа байлаа. Тэрээр уг сурталчилгаанд өөрөө оролцож, өөрөө ярьж таниулж явсных нь ачаар ямартай ч энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүмүүс насны зааг ялгаа харгалзахгүйгээр чөлөөтэй ярилцаж, санал бодлоо солилцож чаддаг нээлттэй орчин бүрдэж, хувь хүний хариуцлагыг сайжруулахад түлхэц үзүүлсэн үр дүнтэй ажил болж чадсан билээ.
Л. Гүндалайн салбарынхаа ажлыг сайжруулахын төлөө хийсэн бүхнийг нь тоочих аргагүй ч тэрээр эрүүл мэндийн салбарыг ямар болгохыг зорьж, юу хийж, ямар саад бэрхшээлийг даван туулж буйг нь олон түмний сонорт хүргэх нь зүйн хэрэг билээ.
Л. Гүндалайн салбарынхаа ажлыг сайржуулахын төлөө хийсэн бүхнийг нь тоочих аргагүй ч тэрээр эрүүл мэндийн салбарыг ямар болгохыг зорьж, юу хийж, ямар саад бэрхшээлийг даван туулах буйг нь олон түмний сонорт хүргэх нь зүйн хэрэг билээ. Тухайлбал, Л. Гүндалай зарим эмнэлгийн байгууллагуудад бугшсан бизнесийн сүлжээг ил гаргаж, удирдлагуудтай нь хариуцлага тооцож чадсан анхны сайд юм… (Өдрийн сонины 2006.12.29 №318/2452/) гэж таны тухай бичсэнийг зориуд энд иш татсан нь таныг бүрэн ойлгоход тус болно гэж үзлээ.
Таны хийсэн болон хийхээр төлөвлөсөн олон чухал ажлуудаас чинь би зориуд явж нэгийг нь л өөрийн биеэр үзэж, мэдрээд сэтгэл үнэхээр хангалуун байсан талаараа дор өгүүлье.
Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ ер нь хаашаа ч юм болж орхисон байв даа. Хүмүүсийг ялгаварлан гадуурхах сонин эвгүй үзэгдэл эмнэлгийн салбарт ч бас тархчихсан байлаа. Эмнэлгийн тусламж авч чадахгүй гадаа нь төрөх, үхэх хоёр зэрэгцэж байлаа шүү дээ. Бурхан минь.
Таныг сайд болсноос хойш сар бүрийн хоёр дахь 7 хоногийн “Бямба” гарагт бүх эмнэлгүүдэд үнэ төлбөргүй бас ямар ч бичиг баримт шаардахгүйгээр, хүн сурталгүйгээр эмнэлгийн үйлчилгээ, тусламж үзүүлэх болсон билээ. Би нэг удаа зориуд нэгдсэн II эмнэлэг очиж үзсэн юм. Бас клиникийн I дүгээр эмнэлэг, хавдар судлалын төвд ч явж үзсэн. Хүмүүс пиг дүүрэн байх агаад жинхэнэ тэдний санаанд хүрсэн арга хэмжээ болж чадсан нь илхэн байлаа. Энэ үед надад “хөөрхий монголчуудад маань эмнэлгийн үйлчилгээ ямар ихээр үгүйлэгдэн дутагдаа вэ. Нэг талаар тэдэнд тавих хайр халамж л дутагдсан гэсэн үг шүү дээ. Ямар кино театр, тоглоомын парк, цэнгэлдэх хүрээлэн биш дээ. Хүмүүс эмнэлэгт ингэж олноор цугларасан байх ч гэж дээ” гэсэн бодол төрсөн юм. Би ч энэ удаа таны буянаар биеэ тааваараа нэг үзүүлж, бас шинжилгээнүүд хийлгэж авсан бөгөөд эргээд бодоход яагаад ч юм, би эмнэлэгт ингэж үзүүлээгүй их удсан байсан билээ. Азаар миний шинжилгээний хариунууд эрүүл гарсанд их баярласан. Сэтгэл минь амарч, хичнээн сайхан байсан гээч. Тэр үед маш олон хүн танд ихээр талархан ерөөж байсны нэг нь би байлаа. Гэтэл одоо бидний хүсэн хүлээсэн олон арга хэмжээ, төлөвлөгдсөн байсан зөндөө ажлууд тантай хамт таслагдлаа.
Энэ бүхнийг танаас өөр хэн ч хийхгүй биз дээ. Хийж ч чадахгүй байх. Тиймээс та заавал эргэж ирэх чадахгүй байх. Тэр цагт танай буюу Эрүүл мэндийн яамаар бид заавал зочлох болно. Таны ард түмнийхээ төлөө хийж бүтээх цаашдын ажил үйлс тань бидний бардамнал байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эргээд удахгүй ирэх эрхэм сайдад БАЯРЛАЛАА гэж хэлье дээ.
Н. Баяржаргал
Эх сурвалж: Бардамнал сэтгүүл, 2007 оны 01-р сар Дугаар 1/2

Leave a comment